БХЯ Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийг цахимаар буюу “e-mongolia”-аар ирэх сарын 1-10-ны өдрүүдэд явуулахаар боллоо.
Өмнө нь тухайн оюутан сургуулийнхаа сургалтын албанаас голч дүнг баталгаажуулсан хуулбар, бусад баримт бичгүүдийг авч, дүүргийнхээ Цэргийн штабт өгч бүртгүүлдэг байсан юм. Тэгвэл “e-mongolia” цахим платформыг ашиглан ердөө тавхан минутын дотор бүртгүүлэх боломжтой болжээ.
Энэ тухай БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн хурандаа С.Рагчаадорж хэлэхдээ “Тухайн хүсэлт илгээсэн оюутны сурч буй сургууль, сурлагын талаарх мэдээлэл нь БШУЯ-ны дата сангаас тэр даруйдаа баталгаажна. Гэхдээ энэ жил элсэгчдийн тоо хязгаартай байгаа тул хүсэлт илгээсэн оюутан бүрийг тус хөтөлбөрт хамрагдуулж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.