Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Боловсролын салбарын мэдээллийн систем” хөгжүүлэх баг болон “Эрдэмнэт” сүлжээний төвийн хүний нөөц, дэд бүтэц дээр түшиглэн “Боловсролын мэдээллийн технологийн төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулав.
БШУЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, түүний харьяа байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллага хоорондын үйл ажиллагаа, мэдээллийн урсгалыг хянах, мэдээллийн нэгдсэн санг бий болгох, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэлд тулгуурласан бодлого төлөвлөлт, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх удирдлагын системийг боловсруулж эхлэв.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Азийн хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр “Боловсролын салбарын шинэчлэл” төслийн хүрээнд Боловсролын салбарын мэдээллийн системийн үндсэн платформ болон системийн хүний нөөц, статистик модулиудыг боловсруулж эхлэв.
Боловсролын салбарын мэдээллийн системийн үндсэн дэд бүтцийг байгуулах, түүнд суурилсан цахим хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх, хүүхэд бүрд чанартай, тэгш хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэх зорилгоор “Шинэ зууны боловсрол” төслийг хэрэгжүүлэв.
Эрдэмнэт сүлжээний төвийн өргөтгөн Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Азийн хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр сервер, тоног төхөөрөмж, сүлжээний нөөц эх үүсвэр зэргийг худалдан авч суурилуулан “Боловсролын дата төв”-ийг байгуулав.
Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын харилцаа холбоо, мэдээлэл солилцоо, судалгаа шинжилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор 2000 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Эрдэмнэт сүлжээний төвийг байгуулав.