Боловсролын мэдээллийн технологийн төв

"Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, суралцагчид, эцэг эхчүүд болон боловсролын салбарын хамтран ажиллагч та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!
Боловсролын мэдээллийн технологийн төвийн цахим хуудсанд зочилж буй Танд талархал илэрхийлье. Өнөөгийн дижитал эрин зуун нь боловсролын салбарт зөвхөн мэдээлэл дамжуулах уламжлалт хэлбэрээс татгалзаж, суралцах арга барил, багшлах хандлагыг үндсээр нь өөрчлөх 'Цахим шилжилт'-ийг зайлшгүй шаардаж байна. Бидний үйл ажиллагааны цөм нь зөвхөн программ хангамж, сүлжээний дэд бүтэц байгуулахаар хязгаарлагдахгүй бөгөөд технологийн дэвшлийг ашиглан Монгол Улсын өнцөг булан бүрд суугаа хүүхэд, залууст чанартай боловсролыг хүртээмжтэй байдлаар түгээх хүмүүнлэг бөгөөд хариуцлагатай үйлсэд чиглэдэг.
Бидний зорилго бол дэлхийн технологийн хөгжлийн хурдацтай үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллаж, хиймэл оюун, их өгөгдөл, үүлэн технологи зэрэг орчин үеийн чиг хандлагуудыг боловсролын салбарт нутагшуулж, багшийн ур чадвар, ажлын бүтээмжийг тэтгэсэн, суралцагч бүрийн онцлог, авьяас чадавхыг нээхэд чиглэсэн “Ухаалаг боловсролын цахим тогтолцоо”-г цогцлооход оршиж байна. Боловсрол бол аливаа улс үндэстний хөгжлийн цөм суурь, харин технологи бол түүнийг хурдасгагч хүчирхэг хөдөлгүүр билээ. Тиймээс боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгэм дэх боловсролын ялгаатай байдлыг арилгах энэхүү зорилгыг дан ганц нэг байгууллага бус, нийгмийн бүх талын оролцоотойгоор хэрэгжүүлнэ гэдэгт бид итгэдэг.
Бид шинэлэг санаачилга гаргаж буй хувийн хэвшил, гарааны бизнесүүд, олон улсын түншүүд болон эрдэмтэн судлаачидтай үргэлж нээлттэй, үр дүнтэй хамтран ажиллах болно. Мэдээллийн технологийн хязгааргүй боломжоор дамжуулан Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын оюуныг тэтгэх их үйлсийн төлөө хамтдаа зүтгэхийг урьж байна.


БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ УТҮГ-ЫН ЗАХИРАЛ С.ОТГОНЛХАГВА