Боловсролын мэдээллийн технологийн төв

“Хүүхдэд ийм хоол өгчээ” хэмээн сошиал орчинд зураг тавьж, сурагчийн үдийн хоолонд бухимдах эцэг эх нэг биш харагддаг. Тэгвэл таны хүүхэд тухайн өдөр ямар илчлэг, шим тэжээлтэй хоол идсэн талаарх мэдээллийг харж болох цахим системийг удахгүй нэвтрүүлэхээр болжээ. Бид энэ талаар болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт сурагчийн хоолонд нөлөөлж байгаа эсэх талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргалтай ярилцлаа.

ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ 1-5-Р АНГИЙН 380 МЯНГАН СУРАГЧИЙН ҮДИЙН ХООЛОНД 88,4 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН”

– Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь сурагчдын үдийн хоолонд нөлөөлж байна уу?
– Зөвхөн сурагчийн үдийн хоол биш цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нэмэгдсэнтэй холбоотойгоор хүрэлцэхгүй болсон. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн 380 гаруй мянган хүүхдийн үдийн хоолонд 88,4 тэрбум төгрөг төсөвлөсөн.  2006 оноос хойш үдийн хоолны мөнгө 300 төгрөгөөс эхлээд нийт зургаан удаа нэмэгдсэн. Гэхдээ 100 хувь хүртэлх хэмжээнд хэзээ ч нэмэгдэж байгаагүй. Хүүхдийн өдөрт авах илчлэгийн хэмжээг тооцоолж төсөв батлуулахаар өгдөг ч цаанадаж 50 хувиар батлагддаг.

Хамгийн сүүлд 900 төгрөг байсныг 1500 төгрөг болгож 600 төгрөгөөр нэмсэн тохиолдол өмнө нь байгаагүй буюу түүнээс өмнө 300 төгрөгөөр нэмэгдэж байв. Сүүлийн үед хүнсний бараа, бүтээгдэхүүний өссөн инфляцаас шалтгаалж үдийн хоолны мөнгийг нэмсэн үр дүн гарахгүй байна гэх шүүмжлэл бий. Гэхдээ сургуулиуд үдийн хоолны зохион байгуулалтаа зөв хийвэл нэг хүүхдийн үдийн хоолноос өдөрт авах илчлэг болох 610ккал-т бүрэн хүрч чадахгүй ч боломжийн хэмжээнд хоол өгч буй жишээнүүд олон бий.

Нийслэлийн төрийн өмчийн 150 дунд сургуулийн 122 нь түрээсийн гал тогоотой.

Зарим сургуулийн сурагчийн үдийн хоолонд шаардлага хангахгүй хоол өгч байна гэх шүүмжлэл, гомдол бидэнд ирдэг. Нэгдүгээрт өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээнд хүрсэн төсөв хангалтгүй байгаа нь үнэн. Хоёрдугаарт, түрээсийн гал тогооны асуудал бий. Нийслэлийн төрийн өмчийн 150 дунд сургуулийн 122 нь түрээсийн гал тогоотой. Орон нутагт харьцангуй цөөн бий. Өөрөөр хэлбэл, үдийн цайны хөтөлбөр эхлэхдээ л анх зохион байгуулалт нь буруу байсан буюу түрээсийн аж ахуй нэгжүүд үдийн цай, хоолны мөнгөнөөс ажилтнаа цалинжуулж, орлого олох  ёстой мэт өрөөсгөл хэвшмэл ойлголт байна. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль 2019 онд батлагдаж 2020 оноос хэрэгжиж эхлэхэд 122 сургуулийн түрээслэгчийг гаргах асуудал яригдаж эхэлсэн.

Бид хүний нөөц, тоног төхөөрөмжийн асуудлыг давхар шийдэхгүй л бол үдийн хоолны мөнгийг хэд ч болгож баталсан түүнээс түрээслэгчдэд  зарцуулаад байж болохгүй.

Тэгэхээр гал тогоог түрээслэхгүйгээр, сургууль өөрсдөө үдийн хоолоо бэлтгэхэд тоног төхөөрөмж, хүний нөөц, засварын шинэчлэлтийн асуудлыг зохицуулах шаардлага гарч ирнэ. Мэдээж түрээсийн гал тогоог ажиллуулдаг ААН-үүдийг бид буруутгахгүй. Учир нь тэд төрийн хэсэг ажлыг нуруун дээрээ үүрэн дэмжлэг болон ажиллаж байсан. Гэхдээ нэгэнт хууль өөрчлөгдсөн учир бид хүний нөөц, тоног төхөөрөмжийн асуудлыг давхар шийдэхгүй л бол бид үдийн хоолны мөнгийг хэд ч гэж баталсан түүнээс багагүй хувийг түрээслэгчдэд  зарцуулаад байж болохгүй. Саяхан сошиалаар хоолных нь зураг яваад олны шүүмжлэлийг дагуулаад байсан 10-р дунд сургуулийн галт тогоо ч мөн түрээсийнх юм.

– Тухайн сургуулийн үдийн хоолны зургийг хараад сошиал орчинд олон хүн багагүй бухимдсан. Яамны зүгээс үүнд хэрхэн анхаарал хандуулан ажиллаж байна вэ?
– Яамны зүгээс холбогдох боловсролын газруудад энэ талаар уламжлан хяналт шалгалт хийж ажилласан. Нэг хүүхдийн нэг өдрийн үдийн хоолны мөнгө болох 1500 төгрөгөөс гал тогооны үйл ажиллагаа, ажилтны цалин, түрээс гэх мэтээр хасагдаж байгаа юм. Угтаа бол энэ мөнгө нэг хүүхдийн нэг удаагийн үдийн хоолонд л 100 хувь зарцуулагдах мөнгө. Тэгэхээр төр өөрөө тухайн ажилтнуудын цалинг олгож, тоног төхөөрөмжийн зардлыг ч урсгал зардалд тусгах тусдаа хөрөнгө оруулалт болох шаардлагатай юм. Хоёрдугаарт, нөгөөтээгүүр тухайн сургуулийн зохион байгуулалт, гүйцэтгэл буюу сургуулийн захиргааны “сэтгэл” шаардсан ажил. Тиймээс бид цаашдаа үдийн хоолыг 100 хувь хангах төсвөөс гадна, урсгал зардлыг тусад нь нэмэлтээр батлах шаардлага үүсээд байна.

– Үдийн хоолтой холбоотой гомдол санал ирдэг гэлээ. Та бүхэн гомдол саналын дагуу хэрхэн ажилладаг вэ?
– Үдийн хоолтой холбоотой гомдол мэдээлэл ирэхэд бид өөрсдөө болон холбогдох байгууллагууддаа чиглэл өгөн сургууль дээр очиж ажилладаг. Мөн бид цахим хяналтын системийг нэвтрүүлсэн. Ингэхдээ тогооч тухайн өдөр хийсэн хоолныхоо зургийг оруулах ба тухайн сургуулийн эмч, хоол зүйч түүнийг нь хянана. Бид болон дүүргийн боловсролын газраас ч давхар хараад хянах боломжтой. Мөн эцэг эх ч хүүхдийнхээ тухайн өдөр юу идсэнийг харах боломжтой. Түүнээс гадна ангийн багш тухайн өдрийн ирцээ ч оруулна. Нэвтрүүлээд дөнгөж сар болж байгаа учир 680 сургуулиас гадна цэцэрлэгийг ч хамруулсан учир бүх тогоочийн эрхийг олгож, тэдэнд системд хэрхэн нэвтрэх, яаж ажиллуулах, цэсээ хэрхэн оруулах, зургаа хэрхэн хийх талаарх ойлголтыг өгөөд явж байна. 10-р сургуулийн тухайн өдрийн үдийн хоолны  зургийг үзсэн. Хоолны цэсийн хувьд мөн байсан ч сошиалд тавьсан байсан зарим зураг нь огт биш буюу худлаа зураг байсан.

– Түрээсийн гал тогоог цаашид хэрхэн цөөлж, сургууль хариуцдаг болох вэ?
– Хуульд зааснаар түрээслэхийг хориглоно гэж заасан болохоор нэг дор бүгдийг нь цуцлах боломжгүй учир 4-5 жилийн төлөвлөгөө гаргаад байна. Жилд тодорхой хэмжээний сургуулийн түрээсийг цуцалж, тоног төхөөрөмж, хүний нөөцийг шийднэ. Харамсалтай нь сүүлийн хоёр жилд цар тахлаас үүдэн энэхүү ажил удаашралтай болж, төсөв мөнгө нь ч нэмэгдэх биш харин ч хасагдсан.

– 1500 төгрөг яг тухайн хүүхдийн нэг өдрийн үдийн хоол болон хүрч байгаа эсэхийг хэрхэн хянадаг вэ?
– Үдийн хоолны мөнгийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг буюу түрүүлж олгодоггүй гэсэн үг. Нэг үгээр ангид тухайн өдөр 20 хүүхэд ирсэн гэвэл 20 хүүхдийн л үдийн хоолны мөнгийг олгодог. Мөн дээр өгүүлсэн цахим системээр хянан хэдэн хүүхэд ирсэн, хэдэн хүүхэд үдийн хоол идсэнийг төвөггүй харж болохоор юм. Энэхүү цахим систем маань нэг талаараа хяналтын механизм ч нөгөө талдаа бид баримт цуглуулах систем юм. Сошиал орчинд үдийн хоолтой холбоотой ямар ч худал мэдээллийг түгээхэд, энэхүү цахим систем маань баримт болно.

– Сурагчийн үдийн цай, хоол хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн өсөлт, сурлагад гарсан ахицыг судалсан судалгаа Монголд бий юу?
– Сурагчдад үдийн цай өгөөд эхлэхэд сургууль завсардалтын түвшин буурч, хичээлдээ явах идэвх нь нэмэгдсэн гэсэн үр дүн байдаг. Мөн судалгааны тусгай баг гарч 25-р тусгай дунд сургуульд судалгаа явуулахад хүүхдийн ойлгох чадвар нэмэгдэж, өвчлөл буурсан гэсэн үр дүн гарсан юм билээ. Гэхдээ үдийн хоолны асуудал харьцангуй шинэ учир үндэсний хэмжээнд хийсэн судалгаа байхгүй, хэсэгчилсэн жижиг судалгаанууд байдаг.

Бидний хийхээр төлөвлөж буй удаах ажил маань сургууль бүрд тухайн 1500 төгрөгт багтаан хэдэн ккал, ямар шим тэжээлтэй хоол өгч байгааг хянан шинжлэх ажлыг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж, тооцооллын аргаар хийх юм. Үүнийг хийхэд бид 680 сургуульдаа хүрч ажиллах учир наанадаж нэг жилийн хугацаа шаардлагатай. Нэг үгээр мэргэжлийн түвшинд хяналт, шинжилгээний ажлыг хийнэ гэсэн үг.

Нэг сургууль зах зээлийн ханшаар буюу нэг кг махыг 15-16 мянган төгрөгөөр авч байна. Үдийн хоолны махны хэрэгцээг ХХААХҮЯ-тай хамтран тусад нь бодлогоор хийх хэрэгтэй.

Түүнээс гадна бид олон улсын байгууллагатай хамтран сургуулиудын гал тогооны иж бүрэн тонон төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хийхээр болсон. Тодруулбал, БШУЯ, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага /KOICA/-тай хамтран “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийг 2022-2025 онд хэрэгжүүлэх гэж байна.  Энэ нь ЕБС-ийн сурагчид стандартын шаардлагад нийцсэн орчинд үйлдвэрлэсэн үдийн хоолоор үйлчлүүлэх, сурагч, эцэг эх асран хамгаалагч, багш, ажилчид, хүнс, ханган нийлүүлэгчид, хоол хүнсний худалдаа эрхлэгчдэд хоол шим тэжээлийн боловсрол олгох юм.

– Үдийн хоолны хүнсний хангамжийг хэрхэн бүрдүүлдэг вэ? Нийслэл болон орон нутагт үдийн хоолны хүнсний хангамжийг бүрдүүлэх тогтолцоо харилцан адилгүй юу?
– Өөр өөр байдаг. Цэцэрлэг, сургуулийн үдийн хоолны хэрэгцээг ихэнхийг хангадаг  дөрвөн компани байдаг ба тэд ААН-үүдээс түүхий эд, бараа бүтээгдэхүүнээ татан авч, зориулалтын агуулахад хадгалан, түгээлтээр сургууль, цэцэрлэгүүдэд хүргэдэг. Нийслэл болон орон нутагт зарим нь тендерийн хуулийн дагуу нээлттэй зарлаад хүнсний аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан ажилладаг. Гэхдээ орон нутагт тендер зарласан ч хүсэлтээ ирүүлэх ААН, компани олдохгүй байна гэдэг. Тиймээс малчидтай гэрээ байгуулж хүнс нийлүүлэхээс аргагүй. Харин мал эмнэлгийн ерөнхий газраас бүх малыг кодолж, цахимжуулсан учир сургуульд авсан мах хэний хотноос ямар малынх вэ гэдэг нь тодорхой харагдана гэсэн үг. Тэд малын махыг үйлдвэр хүртэлх алхмуудыг нь цахимжуулсан ба үйлдвэрээс ямар хүнсний зах, дэлгүүрт хүрч байгааг удахгүй цахимжуулахаар төлөвлөж байгаа юм.

Угтаа бол үдийн хоолонд ашиглах мах, хүнс бэлтгэл нь дан ганц БШУЯ-ны биш салбар хоорондын буюу ХХААХҮЯ-ны оролцоо ч байх шаардлагатай. Хавар махны үнэ өсөхөд нэг сургууль зах зээлийн ханшаар буюу нэг кг махыг 12-14 мянган төгрөгөөр авч байна. Үдийн хоолны махны хэрэгцээг тусад нь бодлогоор хийх хэрэгтэй. Монгол Улсын хүн амын гуравны нэг буюу нэг сая нь хүүхэд байна.  Тэгэхээр ХХААХҮЯ-ны хүнсний хангамжийн бодлого ч сайжирвал хүүхдийн үдийн хоолонд эрүүл хүнс нийлүүлэх гэсэн бидний ажил ч урагштай байна гэсэн үг.

– Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: gogo.mn