2022-04-14 БМТТ Цаг үе, үйл явдал 0 Төгсөлтийн үйл ажиллагааг суралцагч ууж, идсэнээ биш сурч, мэдсэнээ тайлагнадаг баяр болгох талаар салбарын сайд нь саналаа хэлжээ. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа бүх шатны сургалтын байгууллагад хандан энэ уриалгыг гаргасан байна. Тэрбээр, “Төгсөлтийн баяр тэмдэглэх нэрийдлээр аялал зугаалга, хүлээн авалт зохион байгуулахгүй байх нь зүйтэй. Мөн хонхны баярыг суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгох нь зөв” гэжээ. Үүнээс гадна боловсролын баримт бичгийг хүндэтгэлтэйгээр гардуулж өгөх, мэргэжил сонголт, дараагийн шатны боловсролын байгууллагад сурах хүсэл мөрөөдлөө хуваалцдаг хэлэлцүүлэг болгоход анхаарах хэрэгтэйг сануулсан байна. Харин багш нарт оюутан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэхээс сэргийлэх хэрэгтэй гэжээ. Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног төхөөрөмж, эд материал авахыг ятгах, хууль бус орлого олохоос багш нар татгалзах ёстой. Мөн ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх, хүүхдийг гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлахгүй байх сурлагын амжилтыг бодитой үнэлдэг байх нь чухал. Л.Энх-Амгалан сайд уриалгадаа эдгээрээс гадна хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх, ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй байх, хүлээн авахаас татгалзахыг хатуу сануулжээ. Багш нар төгсөлтийн баяраар бэлэг сэлт, хээл хахууль авахаас татгалзах саналыг ч иргэд олноор дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө сурагч, эцэг эхээс шан харамж авах, өгөхөөс татгалзах, зуучлахгүй байх, төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед хүүхэд, тэдний асран хамгаалагч, эцэг эхийн зөвлөлийг үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд хүргэхгүй байх нь багш нарын анхаарах асуудал мөн. Бэлэг сэлтээс гадна хуримтлалын сан үүсгэх гэх мэтээр тэгшитгэж, хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардах тохиолдол ч их гардаг. Тэгвэл үүн дээр ч боловсролын салбарынхан өөрчлөлт хийх хэрэгтэйг сайд нь ийнхүү сануулж, уриалав. Эх сурвалж: news.mn