2024-02-19 БМТТ Цаг үе, үйл явдал 0 Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд Монгол хүний эрдэм оюуны алтан аргамжийг бат бэх байлгаж, Монгол хүний хөгжлийн дархлааг хамгаалан бэхжүүлж ирсэн хүн бүрд Боловсрол, шинжлэх ухааны яам байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.Ардыг гэгээрүүлэх яам тулгаа тулж, эрдэм соёлын хэтийг цахиснаас хойш нэгэн зууны туршид эх орныхоо боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан, технологийн салбарын орчин цагийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлсээр дундад зууны оюун санааны хоцрогдлыг даван туулж, нийт хүн амыг соён гэгээрүүлж, монгол хүний оюуны чадавх, авьяас билгийг дэлхий дахинтай хөл нийлүүлэн хөгжүүлж ирсэн ӨЧИГДРИЙН сайхан түүхийг өнөөдөр бид бахархан дурсах учиртай. Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны тогтолцоо бүрэлдэн тогтсон цагаас өнөөг хүртэлх хугацаанд тухай бүрдээ нийгмийн өөрчлөлт, хөгжлийн чиг хандлагад нийцсэн боловсрол, шинжлэх ухааны бодлогыг тодорхойлон хэрэгжүүлж ирсэн түүх Та бүхнийх билээ. Монголын боловсрол, шинжлэх ухаан зуун зуунд тасралтгүй цэцэглэн хөгжих болтугай.Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг.Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой.